А.НАСАНБУМ ӨМНӨГОВЬ АЙМАГТАА 6-7 ТӨРЛИЙН 3000 ГАРУЙ МОД, СӨӨГ, ЭМИЙН УРГАМАЛ ТАРЬЖ ТӨГӨЛ БАЙГУУЛЖЭЭ

2024-04-26 00:00:00

А.Насанбум нь гэр бүлийн хүний хамтаар өөрийн эрхэлсэн ажлын хажуугаар хур тунадас бага, хатуу ширүүн уур амьсгалтай төрөлх говь нутгаа хамгаалах, элсний нүүдлийг зогсоох, шороон шуурганаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар Ханбогд сумын нутагт өөрийн эзэмшил газарт 2006 оноос эхлэн одоог хүртэл 18 жил говийн унаган ургамал болох заг, хайлаас, сухай, арц, жигд, чацаргана зэрэг 6-7 нэр төрлийн 3000 гаруй мод, сөөг, эмийн ургамал зэргийг үрээр болон тарьц, суулгацаар тарьж ургуулан төгөл байгуулаад байна.


А.Насанбум нь 1987 онд Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагчаар төгсөж, Өмнөговь аймагт 1995 он хүртэл хилийн цэргийн 0166 дугаар ангийн эмийн санч, бага эмч, 1995-2012 он хүртэл “Буман трейд” ХХК-ны захирал, 2012 оноос одоог хүртэл Ханбогд сумын Хайрхан багт эмийн сангийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай, хариуцлагатай үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэсээр ирсэн шилдэг ажилтан.


Түүний хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлж 2013 онд эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, 2017 онд эрүүлийн хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг болон бусад ойн медалиудаар, эрүүл мэндийн салбарт хөдөөгийн хүнд нөхцөлд тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллаж байсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Монгол улсын Эрүүл мэндийн гавьяат ажилтан“ цолоор тус тус шагнагдсан.