“НОГООН ХЭРЭМ” ТӨСЛИЙН ОЙЖУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР, АГРОНОМИЧ Ч.ОДСҮРЭН: МОД ТАРИХ, УРГУУЛАХ АЖИЛ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ҮЙЛ ХЭРЭГ

2024-04-02 00:00:00

Цөлжилт зөвхөн Монголын асуудал биш дэлхий нийтийн асуудал болсон гэдгийг “Ногоон хэрэм” төслийн захирал онцлон хэлсэн. Мод тарихыг амархан гэж хүмүүс андуурдаг. Тэрбум мод хөдөлгөөн чанарт биш тоонд ач холбогдол өгөөд байна уу гэж анзаарсан. “Ногоон хэрэм” төсөл бол чанарт илүү анхаардаг.


- “Ногоон хэрэм” төслийг хэрэгжиж эхэлсэн үеэс нь хамтран ажиллаж, ойжуулах, ногооруулах үйлсэд хүчин зүтгэж яваа таны үйлсээр бахархаж байгаагаа илэрхийлье. Хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа төслийн ойжуулалтын ажлыг говь нутгийн хүн удирдаж байгааг Өмнөговьчууддаа дуулгахын зэрэгцээ төслийн талаар ярилцъя?


Баярлалаа. Миний хувьд “Ногоон хэрэм” төсөлд 17 жил ажиллаж байна. Монголынхоо газар нутгийг ногооруулж ойжуулах, цөлжилтийг сааруулах, ойн санг хамгаалах, хүний эрүүл мэндэд тустай илүү чанартай мод бутыг селекцийн аргаар гаргаж авч ойжуулах, хойч үеэ бэлтгэн сургахад илүү анхаарлаа хандуулж нутагтаа ирэх завгүй л ажиллаж явна. Булган сумын Дал багийн нутагт байдаг мод үржүүлгийн талбайгаас улиасны үрсэлгээ мөчир бэлтгэх ажлаар ойжуулалтын хамт олонтойгоо хоёр өдөр ажиллалаа. 


Ямар онцлогтой улиас вэ? 


Улиас мод үрээ хаяхдаа хөвөн шиг цагаан зүйл бутардаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас тус талбайд үржил селекцийн аргаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илүү чанаржуулан үржүүлж тарьсан улиас байгаа юм. Одоо 15м өндөртэй ургасан байна. Тиймээс энэ шинжан улиас модноос мөчир бэлтгэн үрслүүлж Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ойжуулалтын талбайд тарьж туршилт хийх зорилгоор мөчир бэлтгэлээ.   


“Ногоон хэрэм” төслийн гуравдахь үе шат хэрхэн хэрэгжиж байгаа вэ?  


Монгол улсын БОАЖЯам, Солонгос улсын Ойн ерөнхий газар хамтран БНСУ-ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн 2007 оноос хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төсөл нь шар шороон шуургыг багасгах, цөлжилтийг сааруулах ойжуулалт, мод үржүүлэг, сургалт практик, хамтарсан судалгааны ажил хийх, ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх, түймэрт өртсөн ойг сэргээх, сургалтын төв барих, хотын ойн ажлыг өргөжүүлэх зорилготой гуравдах үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. 


Төслийн үе шат тус бүрд хийгдсэн ажлыг товчхон сонирхуулбал? 


Төслийн 1-р үе шат: 


Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сум /Баянзаг/, Төв аймгийн Лүн, Баянхангай суманд нийт 3046га талбайд 50 орчим төрөл зүйлийн мод, сөөгийн тарьц суулган ойжуулалт хийж Монгол улсын ойн санд хүлээлгэж өгсөн. Мод үржүүлгийн газрыг Лүн суманд 20га, Даланзадгадад 24га, Баянзагт 1га талбайд байгуулж, сургалтын төв хоёрыг барьж гадаад дотоодын 7,967 хүнийг сургалтад хамруулж төслийн зорилго биелсэн. 


Төслийн 2-р үе шат: 


Улаанбаатар хотноо Солонгос Монголын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг нийт 8 сая долларын хөрөнгө оруулалттайгаар 40га талбайд 40 гаруй мянган мод тарьж ургуулан Монгол улсын засгийн газарт хүлээлгэж өгсөн.


Төслийн 3-р үе шат: 


Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гуравдах үе шатны ажил 2022 онд эхэлсэн бөгөөд Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Тэрэлж болон Улаанбаатарын бүс нутагт 2026 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 


Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, хяналт, хамгаалалтын систем, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгонд хэрэгжүүлнэ. 


Мөн Төв аймгийн Лүн суманд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 50 га газарт агро ойжуулалтын талбайг байгуулна. 


Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт мод үржүүлгийн газар, сургалт мэдээллийн төв байгуулна. 


Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт 15га талбайд “Оролцооны ой” буюу хамтын төгөл бий болгох зорилготой голын эрэг дагуулан модны навч хэлбэртэй ойн төгөл байгуулах төслийн ажил ахицтай, амжилттай үргэлжилж байна. 


Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөж хүн бүр л мод тарьдаг болсон. Гэвч ургалтын хувьд хангалтгүй санагддаг. Мэргэжлийн хүний хувьд таны хэлэх үгийг сонсъё? 


Мод тарих, ургуулах ажил бол бүх ард түмний үйл хэрэг мөн. Цөлжилт зөвхөн Монголын асуудал биш дэлхий нийтийн асуудал болсон гэдгийг “Ногоон хэрэм” төслийн захирал онцлон хэлсэн. Мод тарихыг амархан гэж хүмүүс андуурдаг. Тэрбум мод хөдөлгөөн чанарт биш тоонд ач холбогдол өгөөд байна уу гэж анзаарсан. “Ногоон хэрэм” төсөл бол чанарт илүү анхаардаг. Бидэнд үгийнхээ агуулгаас эхлээд засах, анхаарах зүйл их бий. Тухайлбал мод тарих биш ургуулах юм л даа. Ер нь мод тарьж, ургуулна гэдэг бол хүнээс маш их сэтгэл, зүтгэл шаардсан ажил. Мод ургуулах тухай эхлээд тархи оюундаа суулгаж, зүрх сэтгэлээсээ хандаж, эргэж тойрч, хамгаалж, усалж арчилж байж ургана шүү дээ. Бусдаар мод тарих өдөр гээд бужигналдаад, ухсан нүхэнд нэг мөчир хийж булчхаад түүнийгээ тоолоод байвал ойжуулалт биш, харин эсрэгээрээ ойжуулагчдын хөдөлмөр шингэсэн үр, үрсэлгээг үхүүлж, хөрөнгө үрсэн дэмий ажил болно. Тиймээс хүн бүр бодит агуулга, чанарт анхаарч чин сэтгэлээсээ аливаад ханддаг байгаасай гэж хэлье. 


Өмнөговьд хүлээлгэж өгсөн “Ногоон хэрэм” төслийн ойжуулалтын талбайнуудаар оров уу? 


Хоёр талбайгаар орлоо. Манай ойн ангийнхан сайн ажиллаж байна. Ургалтын хувьд сайн байгаа ч өсөлт нь тийм ч сайн биш байна. Илүү арчилж услах хэрэгтэй байх. 


Ногоон хэрэм төсөл үржүүлэг, ойжуулалт хийхийн зэрэгцээ судалгаа хийдэг тухай сонирхуулбал? 


Төслийн дэргэд эрдэмтдийн зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийн эрдэмтэд хөрс, ургамал, ус, хортны чиглэлээр судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл гаргадаг. Эрдэмтэд төслийн хүрээнд хөвөн үр хаядаг улиасыг дахин тарихгүй байхаар тогтсон. Үүний оронд эрлийзжүүлэн тарьсан шинжан улиасыг Булган сумын Дал багт нутагшуулсан юм. Одоо энэ шинжан улиасыг төслийн гуравдах үе шат хэрэгжиж байгаа газруудад нутагшуулах зорилгоор ажиллаж байгаа.  


Та “Их говийн төгөл” ХХК-тай. Ногоон хэрэм төсөлд ажилласнаас хувиараа мод үржүүлгийн ажлаа хийгээд, чацарганы үйлдвэрээ ажиллуулаад явбал ашигтай биш үү? 


Ер нь бол тийм. Миний хувьд мод тарих, ойжуулах ажлыг мөрөөдөл, зорилгоо болгосон хүн. Тэхээр хувиараа ажиллахад хэдийгээр ашигтай мэт боловч “Ногоон хэрэм” төсөл шиг улсын хэмжээнд далайцтай, олон мянган га талбайг ойжуулж чадахгүй шүү дээ. Би эзэмшсэн мэргэжлээрээ зөвхөн хувьдаа ашиг олж амиа бодож амьдрах биш, улс эх орон, ард түмэн, ирээдүй хойчид хэрэгтэй зүйлд зориулах ёстой гэж боддог. Тиймээс мод ургуулж л байвал хаана ч байсан хамтраад ажиллана. 


Танай ойжуулалтын хамт олон шижигнэсэн залуучууд байна. Танаас үлгэрлэж суралцаж яваа. Та юу гэж захидаг вэ? 


Мод тарих ажил бол хүнээс сэтгэл их шаарддаг. Мод тарих үйлсийг сэтгэлтэй, байгальд хайртай, энэрэнгүй хүмүүсийн хийдэг ажил гэж боддог. Төсөл дээр ажиллаж байгаа нутаг нутгийн сайхан залуучуудаас мод ургуулахын тухай чин сэтгэл мэдрэгддэг учраас би хамтарч ажиллахдаа мэддэг, чаддаг бүхий л зүйлсээ зааж өгдөг. Энэ залуучууд бол миний, бидний хойч үе, ирээдүйн ойн мэргэжилтнүүд болж өсөж, хөгжиж байгаад талархаж өөрөөрөө үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг. Монгол улсыг ойжуулах их үйлс бол хүн бүрийн хийх үйл хэрэг учраас иргэдийн оролцоог сонирхолтой аргаар бий болгох, мод ургуулахын ач тусыг илүү ухамсарлуулах, хийж байгаа ажлаа ойлгуулж сурталчлах, чин сэтгэлийн үг, үйлдлийг тархи, зүрхэнд нь шивж, гүн бат суулгаж хүн бүрийг ойчид болгоход оройлон оргил өөд цуцашгүй өгсөөрэй гэж залуустаа захидаг юм.  


Баярлалаа, улсаа ногооруулах буянтай үйлс нь дэлгэр сайхан байхын ерөөл өргөөд ярилцлагаа өндөрлөе. 


Ж.Сайнжаргал /Монгол говь сонин/