“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ОЙЖУУЛАЛТ, ОЙ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

2023-01-19 13:52:49

🌳Ойжуулалт, ой нөхөн сэргээх арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Ойжуулалт, ой нөхөн сэргээх арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХА Ойн газар, “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ, “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ хамтран зохион байгууллаа.  

🌳Тус хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, МУИС, ХААИС, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ, “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Ойжуулалт ойн нөхөн сэргээлт эрхлэгчдийн холбоо” ТББ, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл болсон 80 орчим хүн оролцсон юм. 

🌳Хэлэлцүүлэгт ойн үрийн нөөцийг бүрдүүлэх, үрийн хангамж, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, МҮГ, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, түүний гарал үүсэл, тарилтад гаргахад тулгамдаж буй асуудлууд ба түүнийг шийдвэрлэх арга зам, ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын өнөөгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдлаа.

🌳Уг хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулж, Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, аймгуудын БОАЖГ-т хүргүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах юм.