ХЭНТИЙ: Биндэр сум 36 мянган нарс мод тарьжээ

2023-12-08 00:00:00

Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Биндэр сумын тухайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил ногоон байгууламжийн зориулалтаар зургаан хэсэгт 10300 гаруй мод суулгасан бол ойжуулалтын зориулалтаар 36000 мод тарьжээ.


Тодруулбал, олон жилийн өмнө шатаж, доройтсон ойгоо нөхөн сэргээх үүднээс сумынхаа Дэлгэр Онон нөхөрлөлтэй хамтран “Шалз” гэх газарт тус 36000 мянган нарс модыг тарьж суулгасан байна.


Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Б. Мөнхжаргалаар ахлуулсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг Биндэр суманд ажиллалаа. Тус сумын “Биндэр-Ой” СДОА нь мод үржүүлгийн таван га талбайд 12 төрлийн модны тарьц, суулгацыг тариалдаг бөгөөд энэ жил 2 сая 800 мянгыг бэлтгэжээ. Ингэснээр Хэнтий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих модныхоо тарьц, суулгацын тодорхой хувийг уг ойн ангиас нийлүүлж, дотооддоо хангаж байна гэсэн үг юм.