Европын холбоо, монгол улс тогтвортой ногоон хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэв.

2023-01-19 13:48:56

Европын холбооноос Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Европын Холбоотой "Ойн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг 2022 оны 11 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр байгуулсан нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны олон хямралуудыг шийдвэрлэхэд чухал тулгуур болсон ойн салбарт хамтран ажиллах маш том боломж бүрдсэнийг онцгойлсон юм.

 

 Ойн салбарын техникийн хэлэлцүүлгийг Ойн газрын дарга Б.Оюунсанаа удирдан, тус салбарын төлөөлөл болж төр болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцож санал солилцов. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө, үйл ажиллагааг танилцуулж илтгэл тавив. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, хамаарал бүхий яамдын Сайд, Дэд сайд нар салбарын болон салбар дамнасан алсын хараа , стратегийн зорилтын талаар илтгэл танилцуулж, санал солилцов.