“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41,5 сая мод тарьж, арчилгаа хамгаалалтыг хийж байна

2023-12-16 00:00:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.12.15) нэгдсэн хуралдаанаар Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. 


Тэрбээр, Монгол уур амьсгалын нөхцөл, ойн сан, түүний бүтэц, төрөл, экосистемийн төлөв байдал, элэгдэл, эвдрэл, цөлжилт зэрэг ерөнхий мэдээллийг дурдаад, ойн нөөцийн ашиглалтын талаар танилцууллаа. 2022 онд 1,3 сая куб метр ойн нөөц ашиглах дээд хязгаар тогтоосноос 720,7 мянган куб метр нөөцийг ашиглаж, улсын төсөвт 5,7 тэрбум төгрөг төвлөрүүлсан байна. Улсын хэмжээнд 2022-2023 онд 101 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1.3 сая га талбай өртсөний 1.3 мянган га нь ой байна. Түймрийн улмаас 1.85 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирч, түймрийг унтраахад 55.6 сая төгрөгийн зардал гарч, нийт хохирол 3.0 тэрбум төгрөгт хүрчээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 41,5 сая мод тарьж, арчилгаа хамгаалалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуйн нэгж, байгууллага нийт 21 овог 52 төрөлд багтах 124 зүйлийн 62.9 сая ширхэг тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлээд байна. Ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах ажлыг энэ онд 265.8 мянган га талбайд хийжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх зорилгоор мод тарьж, ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын мэдээллийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, цаг агаар эрс хүйтэрч, байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас иргэд, малчдад эрсдэл учирч байгаатай газар дээр нь танилцахыг Улсын Их Хурлын гишүүдэд чиглэл болгоод, өвөлжилтийн байдал, түлш, шатахууны хүрэлцээ, эрчим хүчний хангамжийн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Мөн хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судалж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж Улсын Их Хуралд оруулж ирж хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон холбогдох бусад сайд нарт даалгав.


Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн энэ цаг үед ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болохыг онцлоод, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлыг нэгтгэн дүгнэвэл тавьсан зорилтдоо хүрэхгүйгээс гадна асуудлынхаа мөн чанараас хол, тогтвор, тогтвортой хөгжлийн бодлого байхгүй, арга барилын хувьд хоцрогдсон, захиргааны аргаар шийдвэрлэх гэж ажиллаж байна хэмээн шүүмжиллээ. Засгийн газар ойн тогтвортой менежментийг бий болгох талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр анхааруулж, иргэдэд үр өгөөжөө өгдөг эдийн засгийн утга бүхий тогтолцоог нэн тэргүүнд бүрдүүлэх нь зүйтэй гэсэн юм. Ойн эко системийг хамгаалах, ойжуулах ажил бол шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тэрбээр дурдаж, үүнд хүний нөөц, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг хэлэв.


Ойн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Б.Бейсен нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад болон иргэд, малчдын хооронд үүсэж буй зөрчил, бэлчээр, хадлангийн талбайн ашиглалт, менежментийн талаар хөндөж, Их нууруудын хотгорт нефть, бусад ашигт малтмалын хайгуул явуулж байгаа асуудлыг онцолсн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн санаачилсан, эхлүүлсэн ажлууд Засгийн газар дээр очоод унаж байгаа талаар ярьж, сайд нарт хариуцлага тооцох, ажил хийж, аймаг орон удирдаж, аж ахуй эрхэлж байсан туршлага, чадвартай хүмүүст ажил хариуцуулах нь зүйтэй гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Дархан цаазат Богд хан уул, Их говийн дархан цаазат газрын хамгаалалт ор нэр төдий болж дуусаж байгааг онцлов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ойн нөөцийн ашиглалт үйлдвэрлэлийг үржүүлгийн ажилтай уялдаатайгаар авч явах асуудлыг дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хадлан тэжээлийн тариалалт, цас зудтай үед тусгай хамгаалалттай газарт мал сүргийг оторлуулах боломжийн талаар хөндөн ярив. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа иргэдээс https://d.parliament.mn/ цахим системээр ирүүлсэн асуулт, саналыг хэлэлцсэн юм. Цахим системээр ирүүлсэн асуулт, саналыг нэгтгэн танилцуулж Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ардчилсан намын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нар мэтгэлцээн өрнүүлэв. Иргэдээс, мод үржүүлэг цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх эсэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын төсвөөс ямар хэмжээний санхүүжилт зарцуулсан, 2024 онд хэчнээн хэмжээний төсөв зарцуулах, энэ хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавьж байгаа, мөн хөдөлгөөний хүрээнд томоохон аж ахуйн нэгж, байгууллагын амлалт үүргүүд хэрхэн хангагдаж байгаа, энэ чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн хангагдаж байгаа талаар асуусан байна. Мөн ойн нөөц буурч байгаагийн шалтгаан, түүний эсрэг явуулж буй үйл ажиллагаа, мод тарих үндэсний хөдөлгөөнд аж ахуйн нэгжүүдийн зарцуулсан хөрөнгө, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламжийг хэрхэн зарцуулж байгаа зэрэг олон асуудлыг хөнджээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ иргэдийн асуултад хариулахдаа, ойн аж ахуйн арга хэмжээ буюу түймэр, хөнөөлт шавж, тэгээд мод тарих, одоо тэрбум мод, үндэсний хөдөлгөөн бүгдийг нь оролцуулаад 2023 онд 13.9 тэрбум зарцуулсан бөгөөд 2024 онд 34.9 тэрбум төгрөг төсөвлөөд байгааг танилцуулав. Тарьц суулгацыг ойн бүсэд тарьж ургуулах зардал харьцангуй бага буюу нэг модонд дунджаар 20600 төгрөг болдог бол говь, хээр, цөлийн бүсэд өндөр буюу 37000 төгрөг болдог байна.